2015 он. Тамхи татах цэгийн шилэн хоргонууд

 

[Мэдээллийн карт]

Ажил, үйлчилгээ, төсөл, хөтөлбөрийн нэр:

“Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийн шилэн хорго

Байршил:

Улаанбаатар хотын төвийн таван дүүргийн нийт 20 цэгт, тухайлбал Баруун дөрвөн зам, Бөмбөгөр, Саппорогийн тойрог, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ХӨСҮТ-ийн дэргэдэх автобусны буудал, “Хангарьд” ордны дэргэд, Нэгдүгээр эмнэлгийн гадна, Бөхийн өргөөний өмнө, Сансарын туннелийн ойролцоо, Төмөр замын вокзал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Мишээл экспо, Дүнжингарав зэрэг газруудад байршуулсан.

Тодорхойлолт:

Энэ 3 х 4 метр хэмжээтэй, 10 кв.метр орчим талбайтай, төмөр рам зангидсан шилэн хорго бөгөөд агааржуулагчтай (агаарыг шууд цэвэршүүлж гадагшлуулах филтр бүхий сэнстэй), дотроо үнсний савтай, 6-8 хүн зогсож тамхилах багтаамжтай, нарны энергиэр ажилладаг тог гаргагчтай, гаднаа ледээр урсдаг зарын самбартай юм.

Албан ёсны шийдвэр:

2015 оны 1-р сарын 29-нд УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулинд өөрчлөлт оруулж, хаа сайгүй тамхи татахыг хориглож (зөвхөн гэр орондоо, бас хөдөө хээр боломжтой) оронд нь “утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” буюу “тусгайлан бэлтгэсэн талбай, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглож тусгаарласан тасалгаа” гэсэн ойлголтыг бий болгожээ.  Ингэхдээ гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр заасан байна.

Харин нийслэл Улаанбаатар хотын түвшинд ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй.

Хэрэгцээ шаардлага, ач холбогдол:

Олон нийтийн газарт байгаа тамхи татдаггүй иргэдийг утаат тамхины хорт нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой гэж үзжээ.

Төсвийн эх үүсвэр, төсөвт өртөг:

Тодорхой мэдээлэл байхгүй. Нийслэлийн 2015 оны төсөв хэлэлцэх үеэр зарим төлөөлөгч тамхи татах цэг байгуулах 320 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгах санал оруулсан боловч дэмжигдээгүй.  Гэтэл 2015 оны эхний улиралд нийт 300 сая төгрөгийг зарцуулж, нэг бүрийг 15 сая төгрөгийн өртгөөр, нийт 20 ширхэг шилэн хорго хийлгэжээ. Үүнээс үзэхэд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан байх магадлалтай.

Хугацаа:

2015 оны эхний хагас жилд.

Төсвийг захиран зарцуулагчийн нэр, хаяг:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

Захиалагч:

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Гүйцэтгэгч:

Тодорхойгүй. Гэхдээ “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон нутгийн өмчит аж ахуйн нэгж (нийслэлийн төр, захиргааны 3 дугаар байр) эдгээрийг дөрвөн компанид хуваан хийлгэсэн тухай мэдээлэл байна.

Ашиглагч:

2015 онд “Улаанбаатар” бизнес хөгжлийн төв.

2017 оноос “Хот Тохижилтын Газар” ОНӨААТҮГ.

Үйл явдлын цаглабар:

2015.01.29-нд УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулинд өөрчлөлт оруулж, “утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийг тодорхойлсон.

2015.03-04. Нийслэл Улаанбаатар хотын “Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийн 20 ширхэг шилэн хоргыг байршуулжээ.

2015 оны намар. Уг шилэн хоргыг хариуцаж байсан “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” орон нутгийн өмчит хуулийн этгээд татан буугдав.

2015 оны 11-р сар. Шилэн хоргонуудыг “Улаанбаатар нэгтгэл” ТӨААТҮГ-д шилжүүлэх шийдвэрийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргажээ. Гэвч харуул хамгаалалт, засвар үйлчилгээний зэрэг ашиглалтын зардал байхгүй, тэгээд ч улсын комисс хүлээж аваагүй гэсэн шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж байжээ.

2017 он. Шилэн хоргонуудыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан боловч ихэнх нь ажиллахгүй байв.

2018 оны 10-р сар. Шилэн хоргонуудыг бүгдийг нь хаа нэг тийш зөөн авч явсан байна.


 

Асуудал. Үнэлэлт дүгнэлт. Байр суурь

Нийт 300 гаруй сая төгрөгөөр байгуулсан “Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэг”-ийн 20 ширхэг шилэн хоргыг өнгөрсөн гурван жилийн хугацааэнд зориулалтын дагуу бүрэн ашиглаагүй төдийгүй одоо бүр алга болгосон нь нийслэлийн зарим албан тушаалтнуудын алдаатай, магадгүй хууль журам ноцтой зөрчсөн шийдвэрийн үр дагавар гэж үзэж болохоор байна.

Уг нь “Гадаад орчин дахь нийтийн эдэлбэр газарт байгуулах утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэж Тамхины хяналтын тухай хуулинд заажээ. Улаанбаатарт бол харъяа дүүргийн төсвөөс шийдвэрлэж, байршлыг нь тодорхойлно гэсэн үг юм.

Гэтэл уг “тамхи татах цэг” нь шилэн хорго хэлбэрээр байх ёстой гэж “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” нэртэй байгууллага дур мэдэн, хууль гарахаас бараг өмнө шийдсэн төдийгүй захиалж хийлгэсэн нь хачирхалтай юм.

Үүнийг нотолсон УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ярилцлагыг хэсгийг дор сийрүүлэв.

(“Өглөөний сонин”. 2015.10.28.)

-Автобусны буудал дээр “Тамхи татах цэг” гээд баахан шилэн байшин бариад орхичихсон. Өнөөдөр ч ашиглагдахгүй байгаа. Төсөв мөнгө хэцүү байхад энэ шилэн байшингууд нь хэн гээч даргын бизнес байсан юм бол?

-Энэ шилэн байшингуудыг анх баригдаж эхлэнгүүт нь л би эрс эсэргүүцэж байсан. Эхнээс нь нийслэлийн удирдлагууд, НИТХ-д мэдэгдэл хүргүүлж, “Энэ шилэн байшингууд хэний бизнес вэ, ямар учиртай юм” гэж олон удаа шаардлага хүргүүлсэн ч огтхон ч тоож үзээгүй, хүлээж аваагүй. Нийслэлийн төсвөөс 300 сая төгрөг гаргаж, нэгийг нь 14 сая төгрөгөөр байгуулсан ийм шилэн тамхи татах цэгтэй улс орон дэлхийд өөр байхгүй.

Дэлхийн хотуудын жишгийг харахад гадаа орчинд сандал тавиад, хажууд нь хогын савтай тийм л цэгүүд байдаг. Харин хажууд нь тамхи татахыг зөвшөөрсөн тэмдэг заавал байрлуулсан байдаг юм билээ. Тэр бүгдэд 100 мянган төгрөгөөс хэтрэхгүй л зардал гарна шүү дээ. Гэтэл улс орны эдийн засаг, санхүүгийн байдал базаахгүй байхад өнөөдөр ч ашиглагдахгүй байгаа ийм олон шилэн байгууламж барьж, төсвийн мөнгийг салхинд хийсгэж байгааг эрс шүүмжилж байгаа. Энэ бол цэвэр мөнгө угаасан гэмт үйлдэл гэж би харж байгаа.

Анхнаас нь би “Ийм цэг байгуулуулахгүй шүү. Би та нарыг АТГ-т өгнө шүү” гэдгээ маш тодорхой хэлсээр байхад харамсалтай нь тэдгээр хүмүүс улайран дайрсаар ийм цэгүүдийг байгуулчихсан. Угаасаа мөнгө угаах гэж, төсвийн мөнгөнөөс хулгайлах гэж улайрч хийсэн болохоор ерөөсөө л ажиллах боломжгүй гэдэг нь өнөөдөр тодорхой болсон. Би удахгүй энэ талаар Аудитын газарт өргөдөл гаргаж шалгуулна.

-Яг энэ асуудлаар хотын дарга Э.Бат-Үүлд хандаж үзсэн үү?

-Ерөнхий менежер Б.Бадралд хандаж үзсэн. Энэ байшингуудыг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” гэх байгууллага захиалж хийлгүүлсэн юм билээ. Одоогоор Улаанбаатарын 20 байрлалд 300 сая төгрөг зарлагадан хийлгэсэн эдгээр шилэн барилгууд цоожтой л хэвтэж байгаа. н.Баярсайхан гээд мөнгө захиран зарцуулах эрхтэй даргыг нь барьж эхлэхээс нь өмнө өрөөндөө дуудаж уулзаад ”Та нар цэвэр мөнгө угаах зорилгоор ийм башингууд барих гэж байна. Би үүнийг чинь эрс эсэргүүцнэ шүү” гэж хэлсээр байхад дур мэдэн байгуулсан. Тийм учраас эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулах ёстой.

Одоогоор хариуцлага тооцсон төдийгүй буруу шийдвэрийг засч залруулсан тухай мэдээлэл алга байна.

Сурталчилгаа

Posted 2018 by ИТХ

%d bloggers like this: